Олон улсын харилцаа гэж юу вэ?

--

Олон улсын харилцаа гэж яадаг ийдэг, юу юу хамаардаг, яаж хөгжөөд явааг товчхоон дурдаад, одоогийн олон улсын харилцаа ямархуу байдалтай байгааг энгийн сайхан үгээр товч өгүүлье аа. Гэхдээ олон зүйл тайлбарлалгүй орхиод орхиод зэгсэн урт юм болох л вий.

Дипломатууд гэж ямар хүмүүс ийн? Ер нь олон улсын харилцаагаар төгсөж байгаа хүмүүс нь?

Эрт цагт олон улсын харилцааны урлагийг эзэмшдэг дипломат хүнийг бэлдэхдээ нийгмийн дээд гарлаас угсаа залгамжилсан, бие хаа, зүс царай сайт, ухаан сийрэг хүмүүсийг бэлддэг байсан ч одоо бол мань мэтээс эхлээд дурын хүн эзэмшиж мэргэшдэг дураараа сайхан л юм болж байна.

Ямар нэг улсад өөрийн улсаа төлөөлж байгаа дипломат хүн гэмт хэрэгт татагдахгүй байх, татвар төлөөс төлөхгүй байх, хянагдах саатуулагдахгүй байх гээд олон янзын дархан эрх, эрх ямба эдэлдгийнхээ зэрэгцээ тусгаар улсын ашиг сонирхол, аюулгүй байдлаа хамгаалж ажиллах хүнд чухал хариуцлагыг үүрч явдаг. Гэрэгэ энэ тэр гээд юм зохиосноороо дипломат эрх ямба үүсэхэд монголчуудын нөлөө их гэж ялангуяа монголчууд өөрсдөө их үздэг нтр. /Нээрээ бас элчин төлөөлөгчийн цалин нь аймаар өндөр ш д нтр, тухайн улсын өртгөөс шалтгаалаад их бага өгдөг ч гэсэн хангалттай, дээрээс нь гадаадад ажиллаж байх хугацаанд нь монголд данс нээгээд сар бүр мөнгө хийдэг, монголд ирээд тэр мөнгөө ашиглах боломжтой болно./
Гэхдээ бид л сүртэй улс хоорондын харилцаа марилцаа, газрын тос, терроризм ярих гээд байгаа болохоос одоо дундад зууных шиг зөвхөн том албан тушаал биш ямар ч түвшний байгууллагын гадаад харилцаанд ажилладаг л даа. Төрийн байгууллага, хувийн байгууллага, олон улсын байгууллага, сайн дурын байгууллага энэ тэрд гадаад харилцааны мэргэжилтэн, судлаач, багш, орчуулагч, төлгөч мэргэч, ёслолын ажилтан гээд олон ч янзын ажилд орж болно. Төрийн ордонд “Төрийн ёслолын хэлтэс” гэж байдаг. МУИС-т ч гэсэн гадаад харилцааны болон ёслолын ажилтнууд гэж бий. Хааяа манай ОУХНУС-аас сайн дурын ажилтан нтр авдын нтр гээд далийчих гээд байдын.

Олон улсын харилцаа нь яацын?

Олон улсын харилцааны судлагдахууны хүрээг дөхүүлж тодорхойлбол дипломат ёс ёслол, харилцааны онол, гадаад бодлого, геополитик, нийгэм, эдийн засаг, улс төр, газарзүй, эрхзүй, түүх, хэл шинжлэл, соёл судлал, философи, технологи, байгалийн ухаан, угсаатанзүй, шашин, сэтгэл судлал, цэргийн стратеги, тагнуулын гээд олон салбарыг хамарна.

Нэн түрүүнд бидний ойлгох хэрэгтэй зүйл гэвэл олон улсын харилцааны шинжлэх ухаан нь улс төрийн шинжлэх ухаанаас тусдаа хөгждөг, өөр шинжлэх ухаан гэдгийг тогтоох хэрэгтэй. Макиавелли, Хоббс нарын ном бүтээлүүдэд улс төр, нийгмийн онол дэвшүүлэхийн зэрэгцээ гадаад улсуудтай харилцах талаар бичсэн нь олон улсын харилцааны шинжлэх ухаан хөгжихөд нөлөөлсөн байдаг, угаас ч дундад зуунд гадаад улсуудтай харилцана гэдэг нь голдуу улсын тэргүүний ажлын нэг хэсэг гэхээс тусад нь авч үздэггүй байсан нь үнэн. Орчин цагийн гадаад хэргийн яам энэ тэр бол анх 17-р зууны Францад л гарсын. Дээрээс нь улс төр буюу politics, бодлого буюу policy гэдэг хоёр үг эртний грекийн polis буюу хот улс гэсэн нэг язгууртай байгаа нь улам л нэг нь нөгөөгийнхөө салбар ухаан мэт харагдуулж байгаа л байх. Харин орчин үед Ханс Моргантау анх удаа Politics Among Nations номдоо олон улсын харилцааг бие даасан шинжлэх ухааны түвшинд авч үзсэнээс хойш дэлхийн том улсууд өөрсдийн академик түвшний судалгааг эхлүүлсэн нь зөрүү ялгаатай дэг сургууль, үзэл баримтлалын эх болсныг дурдууштай. Олон өөр улс байтугай ОУХНУС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш нар ч неомарксизм гэдэг ойлголтыг өөр өөрсдийнхөөрөө зөрүүтэй тайлбарлана гэдэгт эргэлзэх юм алга. Нийгмийн шинжлэх ухаан ийм харьцангуй л даа.
Эртний улсууд олон улсын харилцааны нарийн тодорхой бодлого боловсруулж баримталдаггүй байсан ч элементүүд нь болох улс хоорондын худалдаа наймаа, дайны үеэр хоригдол ялтан солилцох, тухайн улсад буй өөрийн орны иргэдийн эрхийг хамгаалах төлөөлөгч илгээх, байлдан дагууллын үр дүнд шашин соёлын гэнэтийн шок, интеграци явагдах зэрэг явдлууд улс хооронд байдаг л байв. Агуу Александр хааны байлдан дагууллаар өөрийнхөө шүтдэгээс өөр шашин шүтлэг дэлхийд мянга мянгаараа байдгийг мэддэггүй, өөрийнхөөсөө өөр өнгийн арьстай хүн үзээгүй, бүр цаашлаад гоозүй, ёсзүйн өөр өөр хэмжүүр байдгийг мэдэхгүй хүмүүс эдгээрийг анх хараад яаж мэлийсэн бол гэж бодохоос хөх инээд хүрээд байдын нтр. Ер нь эрт үед юм үзээгүй гаруудын хажууд их юм үзсэн, баян цатгалан худалдаачид, урлагийнхан, жанждын хүүхдүүд л яагаад ийм олон янзын юм байна, аль нь яг зөв бэ, ер нь яг туйлын зөв юм гэж байна уу, бүгд худлаа ч юм уу гэсээр шинжлэх ухаан, философийг тэгтэл нь оргилд нь хүргэсэн байгаан. Гэвч тэдэнд байсан эртний Египетийн судруудыг гол суурь нь болсон гэдгийг бас санах хэрэгтэй гэснээс энэ бүхэн өөр түүх л дээ. Дараа соёлын тухай хэлэлцэхдээ ярьж амжих байх.

Орчин үеийн олон улсын харилцааны систем нь 17-р зуунд тухайн үеийн Европын улсуудыг хамарсан 30 жилийн дайн дуусахад хийсэн Вестфалийн гэрээгээр үүсэж, энэ нэрээр Вестфалийн систем гэж нэрлэгддэг. Энэ гэрээнд улсууд найртай сайхан зэрэгцэн хөгжицгөөе гэж тусгаагүй ч энэ гэрээгээр анх удаа бие биенээ төрт улс буюу nation state хэмээн хүлээн зөвшөөрөх тухай ойлголт үүссэн юм. Дайны шалтгаан нь Христийн шашны томоохон хоёр урсгал болох католик, просестантыг өөрсдийн улсын төрийн шашин болгосон улсууд хоорондоо байлдсан хэрэг. Бүр ойлгомжтойгоор гэвэл Ван Хэлсинг кино, Гинжингийн нэг дууны клип, Code Geass анимэ нтр дээр гардаг, одоо бол манай Пап Францисын тэргүүлж байгаа католик шашинтай улсуудын эсрэг одоо монголд дэлгэрээд байгаа протестант урсгалынхан байлдсан гэсэн үг юм. Түүхэндээ ч, одоо ч шашны урсгал хооронд олон дайн гардгийг дараа тухтай яримз.

Олон улсын харилцааны шинжлэх ухаан нь ерөнхийдөө ингээд явцым байж. Одоо үеийн харилцааг нэг тайлбарлаадах даа.

Окэ. за тэгээд бие биенээ хүлээн зөвшөөрөөд, хэрэгтэй бол бие биедээ туслаад сайхан явж баймаар юм шиг л санагдаж байгаа биз? Гэтэл үгүй, олон улсын харилцаа гэдэг үргэлжид хардалт сэрдэлтээр амьсгалж, бусдаас нэг хоёр алхмын ч болтугай өмнө явахыг чухалчилдаг. Учир нь өөр нэг улсын хүчирхэгжилт бол манай улсад ирээдүйн заналхийлэл, аюул тотгор юм.

Ерөнхийдөө орчин үеийн улсуудын гадаад бодлого нь дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас улбаалсан хүйтэн дайны үр дагавраар буюу ялагдсан талууд, ялсан талынхаа өрийг барагдуулах, хэд хэдэн улс нийлж улсаа сэргээхийн тулд хоорондоо хамтрах, харин дайнд олигтой нөлөөлөөгүй гуравдагч ертөнцийн /Нээрээ тийм л дээ, хүйтэн дайны үед аль нэг талд ороогүй улсуудыг ингэж нэрлэдэг/ улсуудыг үргэлжлүүлэн мөлжих зэргээр үргэлжилсээр одоо бол энэ хүйтэн дайны нөлөөлөл маш бага болж байна. Дайны дараа Япон улсыг үзэх манай иргэдийн хандлага илт муу байх нь тодорхой учраас л одоо Монголд тэгж их хөрөнгө оруулалт, сургууль тэтгэлэг, тусламж хандив өгч өөрсдийн эерэг имижийг бүрдүүлж байгаа хэрэг. Тэгээд байвал Япон муухай гэж хэлэх хүн дахиж гарахгүй, тийм биз. Зөөлөн хүчний бодлогыг цэрэг дайнгүй, нэг иймэрхүү гээд ойлгочих.

Хатуу хүчний хувьд орчин үеийн олон улсын харилцаанд шалтгаангүйгээр дайн өдөөх, цэрэг зэвсэг ашиглахыг эсэргүүцдэг ч АНУ лав үе үе аль нэг улс руу пуужиндчихаад, “Аа энэ улс манайх руу пуужиндчих гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь пуужиндцын” гээд аргацаадаг тохиолдол олон бий. Угаасаа ч 2001 оны 9 сарын 11-нд Нью-Ёорк дахь худалдааны ихэр цамхгийг барьцааны онгоц мөргөсний дараа улсуудын үндэсний аюулгүй байдал, терроризмд хандах хандлага илт өөрчлөгдсөн юм.

Хэрвээ орчин үеийн олон улсын харилцааг бүрэн төгс сайхан ойлгоё гэвэл томоохон улсуудын бодлого, үзэл баримтлал, жижиг улсуудад яаж нөлөөлж, яаж удирдаж байна, хоорондоо яаж харилцаж, ямар байдлаар хүчний тэнцвэрийг үүсгэж, алдагдуулж байна, цаашлаад дунд, бага, арлын, далайд гарцгүй орны, хавчуурга улсын, дагуул улсын олон улсын харилцаанд оролцох байдал гээд олон арван боть ном болохоор юмыг ойлгох хэрэг гарна. Гэхдээ нэгэнт энд бүгдийг нь багтаахгүйгээс хойш энд бидэнтэй илүү хамаатай зүйл рүү голчлон дэлхийн хүчний тэнцвэр ямар байгаа, дэлхийн бүс нутгууд, манай бүс нутгийн асуудал, тэр дундаа монголтой хамаарах асуудал, эцэст нь монгол улсын гадаад бодлого юунд голдуу чиглэж байна гэх мэтээс түүхэн улбааг нуршилгүй, цаашдын хандлагыг тоочилгүй товч бичье. Угаас бид энэ бүхнийг нэг бүрчлэн ярилцахаар л долоо хоног бүр уулзах гэж байгаа юм чинь.
Яг одоо дэлхийн тэнцвэрийг хадгалж буй улсуудыг шинжээр нь олон ялгаж тэр энэ улсууд хамтарч байгаа гээд олон хувилбар гаргаж болох ч ерөнхийдөө хүйтэн дайны үед бүрдсэн Америк тэргүүтэй ардчилсан улсуудын бүлгийг Орос, БНХАУ хамтарсан нэг хүний засаглалд удаан оршиж буй улсуудын бүлэг сөрөн зогсож, хажуугаас нь нийгмийн бүх хэв шинжийг хатуу чанд сахиулах шашнаараа нэгдсэн Исламын ертөнц аль алиных нь нөлөөнд ширүүхэн өртсөөр байна. Өөрөөр бас шууд аль нэг том улсууд хоорондоо туйл үүсгэх биш, хүчирхэгжсэн улсууд нь жижиг улсуудын дэмжлэгийг цуглуулж, бүлгээрээ өөр өөрсдийн туйлыг бүрдүүлж байна гэж хэлж болно. Энэ улсууд зөвхөн цэрэг зэвсэг, улс төрийн бүлгээс гадна эдийн засаг, худалдааны чиглэлээр ч олон янзын бүлэг эвсэл байгуулсан нь олон улсын харилцаанд их нөлөөлөх гээд байдаг. Түүнчлэн эдгээр бүлгүүдийг ардчилсан, нэг хүний засаглал руу тэмүүлсэн, шашны гэх мэтээр шууд хуваарилах нь өрөөсгөл, ардчилсан Америкийн Трамп маш сонирхолтой национал, нэг хүний засаглалт гэх Хойд Солонгосын Ким Жон Ун өмнөх удирдагчдыг бодвол харьцангуй либерал, исламын шашинт Туркийн ерөнхийлөгч Эрдагон тун тодорхой бус бодлого баримталж буйг үйлдлүүдээс нь харж болно. /Энэ улсуудын бодлогын талаар ойрдоо нийтлэл бичээд оруулчих байх аа./

Бүс нутгийн асуудлуудын талаар

НАТО ба Европын холбоо

НАТО буюу Умард атлантын гэрээний байгууллага, EU буюу Европын холбоо хоёр нь 29, 28 гишүүн улстай ч 22 улс аль алинд нь байдаг, зорилго чиглэл, үйл ажиллагаа төстэй, хамтын ажиллагаа их. Хамгийн гол нь НАТО-д АНУ багтдаг бол, Европын холбоонд зөвхөн Европын улсууд л элсэх боломжтой байдаг. АНУ-ын Европын холбоон дахь тууштай биш бодлогоос шалтгаалаад НАТО дахь Европын улсууд нь Европын холбоондоо илүү нэгдэх хандлага гарч, яваандаа АНУ, Их Британийн бүлэг, Европын холбоо, ШХАБ гэсэн туйлууд үүсэж магадгүй гэж харж байна.
Европын холбоо үүссэнээс хойш нэгдэн орох хүсэлтэй улсуудад онц шаардлага тавилгүй боломжоороо нэгтгэж байсан бол сүүлд Копенгагений шаардлага гэж юм баталсан. Үүнд нь холбоонд нэгдэн орох хүсэлтэй улсууд ардчилал, хүний эрх, хууль ёсыг эрхэмлэсэн улс байх шаардлагатай гэсэн ч сүүлд нь нэмээд Европын улсуудыг чадлаараа нэгтгэх хэрэгтэй гэсэн бодлого баталсан. Тэгээд нөгөө Монголоос багш магш хулгайлах гээд байсан айхтар Туркийг бас Европын холбоонд нэгдэн орох боломжтой улс гээд үзчихсэн. Яг одоогийн байдлаар АНУ, Турк харилцан худалдаа зогсоох, нөгөөгийнхөө бүтээгдэхүүнд татварыг хэт өндөр тогтоох арга хэмжээ авч байна. Дэлхийн гурав дахь том эдийн засаг Европын холбоонд Турк нэгдвэл эдийн засгаа хангалттай аваад үлдчих боломжтой болно. Гэхдээ бодлоготой нь бас Европын холбоонд орох нь нийцэхгүй л байгаам л даа.
Өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зүүн Европын улс орнууд, задралын дараа нэгдсэн нэг удирдагчгүй болсноор Европын холбоог сонирхох сонирхол ихэссэн.
Монгол улсын хувьд анхнаасаа өөрсдийн тусгаар тогтнолыг дэлхийн томоохон гүрнүүдээр дэмжүүлэх сонирхолтой байсан учир эртнээс Европын улсуудтай харилцаа тогтоож эхэлсэн байдаг. Тиймдээ ч өнөө үед Монголд Азийн олон орнуудаас илүү Европын улсуудын нөлөө илүү харагдаж байна.

Одоо харин тулгараад байгаа асуудал нь Европын холбоонд улс төрийн гэхээсээ худалдааны ашиг сонирхлоор байгаа улсууд ихсэж байна. Дээрээс нь Европ руу чиглэсэн их хэмжээний дүрвэгсэд асуудал болж байна. Орос ч сайхан тоглоод Сирийн одоогийн нөхцөл байдлыг тэр хэвээр үлдээхээр зүтгэж байна.

Ази, Номхон далайн бүс нутаг

Манай бүс нутаг хүйтэн дайнд бага нэрвэгдсэний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөх явдал харьцангуй бага ч түүхэн харилцааны үндсэнд хилийн зурвасын асуудлуудаа цэгцэлж чадаагүй нь одоог болтол жижиг сажиг маргааны сэдэв болсоор байдаг. Зүүн Азийн улсууд Хятад, Япон, Солонгосын хооронд газар усны нэр, арлаа булаацалдах явдал ялангуяа байгаа. Монгол харин хаа очиж ямар ч хилийн маргаан байхгүй, нам жимхэн хавчуурга улсын үүргээ гүйцэтгэж байна.

4 сард хоёр Солонгосын ерөнхийлөгч дайн зогсоох энхийн гэрээнд гарын үсэг зурж, хоорондын харилцаа сайжирч байгааг илтгэх хэд хэдэн үйлдэл үзүүлсэн. Тэрнээс хойш Хойд Солонгосын гадаад харилцаа баруунд үүд хаалгаа жоохон нээжийнэ. Цөмийн зэвсгийн технологи эзэмшсэн улс одоо баавартай үзийшд. Монголтой ч анхнаасаа л гайгүй байсан л даа.

Исламын ертөнц гэж юу билээ

Ойрх Дорнод, Исламын ертөнц, Арабын ертөнц бүгд ямар ямар улсуудыг багтааж нэрлэснээрээ ялгаатай л даа. Гэхдээ ерөнхий асуудлууд нь перс, иран, турк, еврей зэрэг үндэстэний ялгаатай байдал, шашны урсгалын зөрчил, террорист байгууллагууд, цаг уураас шалтгаалсан халдварт өвчний тархалт, байгалийн нөөц баялгын ордыг эзэмших асуудлууд, бусад том гүрнүүдийн хүчтэй нөлөөлөл зэрэг асуудлууд олон асуудал гарч байна. Монголоос бол Сири, Иран, Ирак, Афганистан руу энхийг сахиулагчаа илгээж байгаа бөгөөд одоогоор зэвсэгт тулаанд үрэгдсэн хүн байхгүй. Гэхдээ нэлээн чансаатай байгаа. Хажуугаар нь африк хүүхдүүдэд дуу муу заацан, нөгөөдүүл нь Маамиу наишир гэцэн явжийлээ.
Асуудлуудыг нь ойлгомжтой сайхан тайлбарлая гэхээр үндэстэн хоорондын түүхийг таван нүүр, шашнуудын түүхийг зургаан нүүр бичих хэрэгтэй болчхоод байхын лол. Бусад бүсийг бодвол төвөгтэй нөхцөл байдалтай юм, клубийн ажлууд эхлэхээр л ярья даа. Гэснээс сонирхолтой юм гэвэл абсолют монарх буюу үндсэн хуульд захирагдалгүй бүрэн эрхээр улсаа удирддаг удирдагчтай улсууд энэ бүсэд олон бий. Өөр газар гэвэл жижиг арлуудаас гадна Ватикан л байгаа байх. Яагаад одоо болтол абсолют нэг хүний ноёллыг халдаггүй гэвэл иргэд нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун, байгалийн нөөцөө аятайхан сайхан ашиглаж байгаа нь тэр.

Монгол улс яадаг бодлоготойн?

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна энэ тэр гээд Гадаад бодлогын үзэл баримтлал гэж баримтад заачихсан байдаг. Шинэ сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлогоо илэрхийлж байгаа байдал нь судлаач шинжээчид төдийгүй, гадаад явдлын яамтайгаа зөрөлдөөд байдаг тал их ажиглагддаг. Монголд уул нь баримталдаг хоёр гол бодлого байгаад байгаан. Дундыг сахих бодлого, гуравдагч хөршийн бодлого гэж энэ хоёр бодлого ерөнхийдөө монголыг туйлширч далдганаж явж байгаад, нэгнийх нь хоол болчхоос л сэргийлж байгаан, хэрсүү юм шиг мөртлөө залхуу, идэвхгүй ч юм шиг, тэ. Гэтэл манай сайхан гар манайд огт байдаггүй экстремизм, сепэрэтизм, терроризмтой тэмцэх зорилготой, Орос, Хятадын нөлөөний цэрэг, улс төрийн бүлэгт /ШХАБ-ыг л хэлж байгаан/ элсчихье л даа, ажиглаж ханалаа ш дээ гэж мэгцэн явжийсан. Нэгэнт батлагдаад явж байгаа гадаад бодлогын үзэл баримтлалтайгаа ингэж зөрмөөргүй байна л даа. Өнөө чухал бодлого нь хөрш хоёр том хүчний өмнө өвдөг сөхрөлгүй, гуравдагч хөршийг ч мөн эрэлхийлэн, хамтаръя гэсэн бодлогод манай хоёр хөрш ил тод дургүйцсэн, эсэргүүцсэн байр суурь илэрхийлээгүй ч ямар ч судлаач дуртай байхгүйг нь хэлнэ л дээ. Ядаж манай улс цэргийн дипломат ажиллагаагаа идэвхтэй явуулдаг, НҮБ-аас гадна НАТО руу энхийг сахиулах хүчнээсээ илгээдэг. Тэгэхээр дургүй л байж таарна.

Геополитикийн тухай гурван үг хэлээтий. За даа, дараа тусад нь энгийнээр тайлбарлаад бичье, энэ бичиж байгаа юм бүр сунаад заваарлаа. Орчин үеийн олон улсын харилцааны байдал, түүх зэргийг монгол хэлээр ч нийтлэлүүд олоод уншихаар юм зөндөө байгаа. Өөр цааш нь олон олон ном, сүүлийн үеийн мэдээ, Reddit, Youtube ухаад сурдаг байх даа.

Эцэст нь давтаад хэлэхэд олон улсын харилцаа нь үргэлж шилжилт өөрчлөлтөд байдаг систем. Энэ бүх шилжилтүүдийг анзаарч хардаг болохын тулд үлдсэн сэдвүүдээр, ямар улс ямар бодлого баримтлах ёстой байдаг, практикт ямаршуу явж байна гэх мэтээр яриад, амжихгүйнүүдээр нь нийтлэл бичиж оруулцгаая.

--

--

Зоригт Жаргалсайхан
Зоригт Жаргалсайхан

Written by Зоригт Жаргалсайхан

Онц бөгөөд бүрэн эрхт элчин sad

No responses yet